16:57 Эсрэг талаас нь барианд оржээ | |
ОУХМ Д.Даваасүрэн 2007 оны долдугаар сард ОХУ-ын Эрхүү хотод болсон олон улсын тэмцээнд оролцож явахад энэхүү хөгжилтэй явдал тохиолджээ. Толгойн хэсэгт уралдаж явсан тамирчны маань дугуй хагараад хэсгээсээ тасраад үлджээ. Түргэн гэгч дугуйгаа солиулаад уралдааныхаа замд орон хүчлэн жийсээр бариандаа орсон байна. Тэгсэн чинь үзэгчид инээлдээд сүйд болж гэнэ. Сүүлд нь учрыг мэдвэл барианыхаа нөгөө талаас нь орж ирсэн байжээ. Учир нь дугуйгаа солиулаад уралдахдаа зам хоёр салсныг мэдэлгүй буруу замаар нь орж, эсрэг талаас нь барианд орсон нь энэ байж л дээ. Буудлагын тэмцээнд буугүй оролцсон нь 1993 оны тавдугаар сард БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод болсон А зэрэглэлийн тэмцээнд оролцохоор гавьяат дасгалжуулагч М.Жанцанхорлоо тэргүүтэй Монгол Улсын буудлагын спортын баг тамирчид замд гарчээ. Тэд БНХАУ-ын хилээр дамжин өнгөрөхөд тэдний бүх бууг хураан авч тэд аргагүйн эрхэнд БНАСАУ-д буугүй очжээ. Тэд солонгос нөхдөөсөө буу гуйж л дээ. Тэгсэн Монголын багийг хүчтэй өрсөлдөгчид гэж мэдэж байсан солонгосчууд хамгийн муу буунуудаа өгчээ. Улсын зардлаар очсон тэд тэмцээнд нэр төртэй оролцох ёстой үүргээ бодоод нөгөө буунуудаар нь шүд зуугаад л буудсан байна. Гэтэл гавьяат тамирчин Д.Мөнхбаяр гайхалтай сайн буудаж тэр тэмцээнд түрүүлжээ. Тэмцээний дараа Монголын авьяаслаг тамирчны тухай Солонгосын гол хэвлэлүүдэд мэдээлэл цацагдаж, манайхан ч сэтгэл дүүрэн буцацгаажээ. | |
|
Бүх сэтгэгдэл: 1 | |
|