Нүүр хуудас » 2012 2 сар 18 » Соёлтой хэрэглээ
Хостинг от uCoz
18:16 Соёлтой хэрэглээ | |
Мэйл болон чат нь харилцааны холбооны хамгийн сонирхолтой хэрэгсэл гэдэг нь тодорхой боловч түүнийг ашиглахад бичигдээгүй хуулиуд гэж бий. Үүнийг мэдэж чадваас сүлжээний харилцааны ёс зүйд та томоохон дэвшлийг авчрах болно. Мэйлийг одоо хэн хүнгүй л хэрэглэдэг болжээ. Мэйл, чат нь хамгийн хямд үнээр харилцах хамгийн сайхан арга гэдэг нь тодорхой. Үүнээс ч болдог уу, манайхан и-мэйл, чатыг жаахан замбараагүй хэрэглэх хандлагатай байгаа нь санаа зовоож байна. Гэтэл сүлжээний ёс зүй гэдэг бол олон улсад маш чухлаар тавигддаг. Тэгэхээр та одоо ингээд энэ удаагийн Парламентыг уншсанаар и-мэйл, чатад хэрэглэгддэг бичигдээгүй хуулийг мэдэж авах болно. И-мэйлийг зөв хэрэглэж байгаагийн хамгийн гол шалгуур нь танд ирэх хариу юм. Хэрвээ та хариу авч чадахгүй байгаа бол сүлжээний ёс зүйг баримталж чадаагүйгээс болж байгаа юм. Хариу ирэхээр барахгүй танд эерэг утгатай хариу захидал ирвэл та 2-ын харилцаанд том дэвшил гарч байгаа нь тэр ээ. И-мэйл, чат зэрэг нь цаад хүнтэйгээ харилцахдаа нүүр нүүрээ тулж харьцдаггүй учраас сайн бөгөөд сул талыг бий болгодог. Сайн тал нь бүрэг ичимхий зантай хүмүүст, шууд нүүрээ тулж хэлэхэд төвөгтэй асуудлуудыг шийдэхэд дөхөм үзүүлдэг. Бас мэдээж хямд үнэтэй, нөгөө хүн нь яг одоо идэвхтэй байгаа эсэхээс үл хамааран хэлэх зүйлээ бичээд үлдээчихдэг явдал мөн. Харин сул тал гэвэл цаад хүнийхээ царай төрх, сэтгэл санааны байдлыг мэдэх боломжгүй явдал юм. За ингээд олон үг нуршилгүй и-мэйл, чатыг ашиглахад мөрдөх ёстой бичигдээгүй хуулийг толилуулъя. Бүгдийг нь заавал мөрдөх ёстой шүү гэдгийг хатуу захья. ХУУЛЬ: И-мэйл, чатыг ашиглахдаа Сүлжээний Ёс Зүйг заавал мөрдөх ёстой. Энэ бол нөгөө хүнээ бодсон эелдэг ёсноос эхтэй юм Заалт 1 Ямар ч хүмүүс уулзахдаа эхлээд мэндчилдэг. Тэгвэл сүлжээн дээр энэ хууль ялгаагүй. Заавал эхлээд мэндчилэх ёстой. Болж өгвөл монголоороо мэндчилээрэй. Бүх ядахад "Сайн уу" гэхэд л болно. Заалт 2 Сүлжээний ёс зүйд дан томоор бичих нь хамгийн бүдүүлэг явдал мөн. Яагаад ч юм ингэж бичдэг хүмүүс монголд нилээдгүй байдаг. И-мэйл, чат, гар утасны мэссэж бүгд орно. Дан томоор бичихийг хашгирч, шүлсээ үсчүүлэн ярьж байгаатай зүйрлэдэг юм. Заалт 3 Сүлжээнд харилцаж байхдаа бүдүүлэг үг хэллэг, гудамжны яриа хэрэглэж хэрхэвч болохгүй. Нөгөө хүн чинь хичнээн дотно ч гэлээ ингэж болохгүй. Заалт 4 И-мэйл, чат, мессэж зэрэг нь баримттайгаар үлддэг тул янз бүрийн нууц баримтыг илгээхэд тийм ч тохиромжтой биш. Хүнээс ийм зүйл ирвэл тэр дор нь устахыг хичээ. Тэгэхгүй бол толгой цусдаж мэднэ. Заалт 5 И-мэйл, чат зэргээр төрөл бүрийн реклам цацах нь үнэхээр бүдүүлэг явдал мөнөөс мөн билээ. Хэрвээ үнэхээр ингэх зайлшгүй шаардлага гарвал эхлээд нөгөө хүнээсээ зөвшөөрлийг нь авч, эелдгээс эелдэг байгаарай. Эхлээд заавал цаг завтай байгааг нь асуу. Заалт 6 "Цааш нь 10-20 хүнд дамжуулаарай" гэсэн хэнд ч хэрэггүй захиануудаар сүлжээг дүүргэх хэрэг байна уу, таминь ээ. Төрөл бүрийн хайрын, гай гамшиг зөгнөсөн, вирусийн сэрэмжлүүлгийн, Хятадуудын эсрэг иймэрхүү захианууд нь хэнд ч хэрэггүй хог гэдгийг та ойлгохгүй байна гэж үү. Заалт 7 Хүнээс ирсэн хувийн захиаг мэйл лист рүү илгээж хэрхэвч болохгүй. Лист гэдэг маань олон нийтийн дунд хэрэглэдэг мэйлийн сүлжээ гэсэн үг шүү дээ. Хэрвээ хувийн захиаг лист рүү илгээх аваас та тэр хүнийг аймшигтайгаар доромжилж, гутааж байгаа хэрэг гэж ойлгоорой. "Ийм нэгэн явдал" кинон дээр хайрын захиаг задалж нэг хүүхнийг чадаж байгаатай адил юм даа. Заалт 8 Reply хийж хариу бичихдээ өмнө ирсэн текстийг устгах хэрэггүй. Тэр чигээрээ байж байг. Тэр тусмаа бизнесийн харилцаанд энэ нь тун чухал. Та хоёр хичнээн ч удаа харьцсан өмнөх текстүүдийг устгах хэрэггүй шүү. Энэ нь өмнө нь юу гэж бичсэнээ мэдэхэд чухал үүрэгтэй байдаг. Заалт 9 Монголчууд минь ээ, bolj ugvul cyrillic mongolooroo bichij baigaach ee. Windows XP garsnaar Unicode gej neg saixan um bii bolson shuu dee. Unicode-oor Cyrillic mongoloor bichixed yamar ch asuudalgui bolson. Эдгээр текстийг уншихад хичнээн хэцүү төвөгтэй байгааг танд ойлгуулах шаардлагагүй гэж бодож байна. Заалт 10 Вэб сайтан дээр сэтгэгдэл бичихдээ "намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ" гэсэн шиг элдэв бусын хараалын үг хэллэг, бусдыг доромжлон гутаах нь заримдаа хэрээс хэтрэх юм. Ингэж болохгүй. Хэрвээ танд иймэрхүү сэтгэгдэл, мэйл, чат тааралдвал түүнийг ердөө ч битгий тоо. Зүгээр л уншилгүй, нээлгүй орхи. Тэгээд шууд устга. Тэр хүнтэй дахин харьцах хэрэггүй. Энэ дэлхий дээр 6 тэрбум хүн байхад заавал тэр заваан амьтантай харьцах гэсний хэрэггүй. Тэр хүний амьдрал угаасаа тэр хараал шигээ байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Заалт 11 И-мэйл, чатаар харьцахдаа өөрийгөө танилцуулж сурах ёстой. Өөрийгөө товч бөгөөд тодорхой бичих нь нөгөө хүндээ итгэл төрүүлж харьцах сонирхлыг бий болгоно. Үүнийг и-мэйл дээр хүмүүс захианы төгсгөлд Нэр ус, Албан тушаал, Ажлын газар, Утас, И-мэйл, Хаяг гэсэн байдалтайгаар байрлуулдаг. Заалт 12 И-мэйл, чат нь хэдийгээр үнэгүй, техник технологийн дэвшилтэт хэрэгсэл гэдэг нь үнэн боловч ямагт харилцагч хүнийхээ цаг завыг хайрлаж бай. Иймээс аль болох товч бөгөөд тодорхой гэсэн энэ заалтыг мөрдөж байгаарай. Заалт 13 Чатыг хэрэглэж байхдаа хүүхэд залуус эх монгол хэлээ үнэнхүү гутааж байгаа нь тун харамсалтай. (baijiin, yavanshd, surtsiimuu) Байжийн, Яваншд, Сурциймуу гэх мэтээр шууд дуудлагаар бичих нь үг үсгийн алдааны хувьд байж болшгүй юм. Энэ бол таныг ямар хүн бэ гэдгийг хэлээд өгч байгаа юм даа. Та бол бичгийн ямар ч боловсролгүй, өөрөө түүнийгээ мэддэггүй хүн юм байна. Тэгвэл бичгийн боловсрол бол өөрийгөө хүндэлдэг хүн бүрийн хувьд хамгийн дээд боловсрол юм шүү. Зүй нь "Байж байна", "Явна шүү дээ", "Сурчихсан юм уу" гэж хэлэх ёстой юм. Кирил монголоороо бичвэл энэ асуудал амархан шийдэгдэх болно. Нэг удаа мессэж дээр ?70 гэсэн үг ирээд хүнээр орчуулуулж байж ойлгосон. Тэгсэн тэр нь "асуудал" гэсэн үг байгаа юм даа. Тэгэхээр эх монгол хэлээрээ, дүрмийнхээ дагуу бичиж хэрэглэж сурцгаая
| |
|
Бүх сэтгэгдэл: 1 | |
|